Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

Хэт хутга

Эрэгтэй гоёл: чимэглэл Төрөл бүрийн эрдэнийн чулуу, хагас эрдэнийн чулуугаар уран чамин урласан хөөрөг, мөнгө, гуулиар цутгаж, цоолборлож хийсэн гаанс, хэт хутга нь монгол эр хүний өдөр тутмын гоёл болно. Монголчууд эртнээс хүүгээ бие гүйцэхэд хэт хутга, хөөрөг, эмээл тэргүүтнийг эцэг эх бэлтгэж өгдөг заншилтай. Эдэлж байгаа эр хүнийхээ нас намба, зэрэг, дэв хөрөнгө чинээний байдлыг илэрхийлдэг гол зүйл бол хөөрөг юм. Монгол эрчүүд уран гоёмсог хийц чимэглэлтэй чулуун соруултай гаанс, мөнгөн болон ган цохилуур, сэтгүүртэй тамхины уут, мөнгөн болон ган шүдэнзний хайрцаг зэрэг тамхины хэрэглэлээр гоёсоор иржээ.

Хэт бэл, хутга: Монгол эрчүүдийн хэт, хутгийг ган төмрөөр үйлдэж алт мөнгө, ган, төмөр, гууль, зэс зэрэг металлаар чимэглэсээр иржээ. Тансаг чимэг, хээ угалзтай хэт, бэл, хутгыг баяр ёслолд, энгийн хийцтэйг гал гаргах, хоол унд идэх зэрэгт өдөр тутамдаа хэрэглэнэ. Хэт хутга нь хэт, хос бэл, хуйтай хутга, хос савх, мөнгөн утсан оосор, шагай, ембүү, зоос, цэцгэн хэлбэртэй мөнгөн, ясан, чулуун тээг зэрэг нь нэг иж бүрдэл болдог. Монголчууд хуйтай хутгаа баруун, хэтээ зүүн ташаандаа бэлээр зүүж, хутгаа хавчуулан явдаг заншилтай. Айлд орохдоо элдэв муу санаа агуулаагүй гэдгээ илэрхийлэн хутгаа буулгаж ордог ёстой.