director-Otgontuya.jpg

Мэндчилгээ

Манай вэб сайтад зочилсон та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Өмнөговь аймаг нь эртний шим ертөнц, өнө эртний түүх, өв соёлын арвин их сантай говь нутагт маань хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан эртний амьтан ургамлын үлдэгдэл, олон мянган жилийн туршид хүн төрөлхтөн идээшин амьдарч байсныг илтгэх түүхэн дурсгалуудыг гэрчлэх Музей нь эдүгээ нэгэн жарныг үджээ.

Энэ хугацаанд манай хамт олон музейн үйл ажиллагааны цар хүрээг улам бүр нэмэгдүүлж, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлсийн мэдээ мэдээллийн санг бүрдүүлж, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, нийгэмшүүлэх, түүхэн уламжлалыг хойч үедээ уламжлан таниулах, соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны танин мэдэхүйг олгох зорилтыг дэвшүүлэн амжилттай ажиллаж ирсэн.

Өмнөговь аймгийн музей нь 1948 онд 50 ширхэг байгалийн үзмэртэйгээр анх байгуулагдаж байсан бол түүнээс хойш 74 жилийн дараа дэлхийд танигдсан, стандартад нийцэхүйц, шилдэг загвар интерьертэй шинэ музейн барилгыг хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нээлт хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхэн он жил байлаа.

Манай музейд говь нутгаас олддог дэлхийд танигдсан үлэг гүрвэлийн сор олдворуудаас гадна өмнөговь аймгийн нутагт археологийн судалгааны үр дүнд илэрсэн дурсгалт газруудын мэдээлэл, олдворуудыг дэлгэн байршуулсан байна.

Мөн говьчуудын зан заншил, шашин шүтлэг, уламжлалт зан үйл, түүхэн дурсгалуудас гадна нутгийн брэнд болсон Ноён Сэврэйн хийцийн үе үеийн дахчуулын бүтээлүүд, биологийн олон төрөл зүйл, дэлхийд ховордож буй 2 бөхт тэмээтэй холбоотой хот айл, шилдэг үзмэрүүдийг дэлгэн тавьсан нь сонирхол татах үзүүлгийн нэг хэсэг юм.

Соёлын өвийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд музей нь үнэтэй хувь нэмэр оруулдаг бөгөөд монголд ирсэн аялагч жуулчдын дийлэнх нь говийг зорин ирж аяладаг билээ.

Энэхүү вэб сайтаараа дамжуулан Өмнөговь аймгийн шинэ музейн бүтээн байгуулалт, говийн байгаль, түүхийн шилдэг үзмэрүүдийн танилцуулга, үйл ажиллагаа, соёлын өвийн боловсрол олон нийтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг мэдээ мэдээллийг авах болно.

Хамтран ажилладаг байгууллага, хувь хүн болон бидний ажлыг дэмжиж үйлчлүүлдэг үзэгч та бүхэндээ талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн: Музейн захирал Ц.Отгонтуяа

2022-10-31