Музейн танилцуулга

Өмнөговь аймгийн намын хорооны 1945 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 18-р тогтоолоор эртний түүх соёлын дурсгалыг олон нийтэд сурталчлах зорилготой аймаг орон нутгийг сурвалжлах кабинет байгуулах комиссыг томилон ажиллуулж, улмаар 1948 онд Гэгээрлийн хэлтсийн дэргэд 50 ширхэг үзмэртэйгээр анх байгуулагдсан. Өмнөговь аймгийн музей нь 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатай бөгөөд түүх, угсаатны зүй, археологи, палеонтологийн үзүүллэгтэй, дэргэдээ “Байгалийн музей”-н салбартай үйл ажиллагаа явуулж байна.
 
Тус музей нь говьчуудын уламжлалт зан заншил, тэдний ур ухаан хөдөлмөрөөр бий болсон соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах, судлан сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой.
 
Манай музейд Өмнөговь аймгийн нутгаас олдсон чулуун зэвсгийн үе, хүрэл, төмрийн үеийн археологийн болон палеонтологийн олдворууд, мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд, уран дархчуудын бүтээлийн дээжис үзэгч таны нүдийг булааж, сэтгэлийг баясгах болно. Жилдээ гадаад дотоодын 50000 гаруй үзэгчдэд үйлчилж байна.