Дэлхийд нэг ба хоёр бөхт тэмээ 19 сая байдгаас 50% нь Африкт, 40% нь Азид байдаг байна. Нэг бөхт тэмээгээр Судан, Хоёр бөхт тэмээгээр Монгол улс тэргүүлдэг. Манай улсад Өмнөговь,Дорноговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудад ихэнх нь нутагшиж байна. Өмнөговь аймаг нь улсдаа хамгийн олон тэмээтэй бөгөөд 2021онд 166.800 мянган тэмээ тоолуулсан ба Ханбогд, Мандал-Овоо сумд тэмээгээрээ улс аймагтаа тэргүүлдэг.
Олон сая жилийн тэртээ тэмээний өвөг болох Прокамелусаас одоогийн Лама гөрөөс ба бөхт тэмээ хоёр үүссэн гэдэг. Хоёр бөхт тэмээ нь ОХУ, Казакстан, Халимаг, БНХАУ, Монгол зэрэг улсуудад их хэмжээгээр тархсан байдаг. Тэмээг 3-4 мянган жилийн тэртээ хүн төрөлхтөн гэрийн тэжээмэл болгон гаршуулж ирсэн түүхтэй.
Өмнөговь аймагт Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн гэсэн шилмэл омгийн тэмээ байдаг. Энэ хоёр омгийн тэмээ нь лагс том биетэй,цээж өргөн тавиу,борви бахим,бүдүүн, зүс улаан хүрэн халтар,бөх өндөр, галбир сайтай, ашиг шим өндөр, говь цөлийн бүсэд дасан зохицох чадвартай зэргээрээ бусад үүлдрийн тэмээнээс онцлог юм. Тэмээ 30-40 насалдаг. Хоёр жилд нэг удаа ботголдог. 5,5-7,2 хүртэл ноос, 400-500кг мах, саалийн үед 300-400л сүү өгдөг. Нэг удаа 40-100 л ус уудаг. Монгол тэмээ ус уухгүйгээр 60 хоног өл даах тэсвэртэй бөгөөд ган зудыг даван туулах чадвараараа гайхамшигтай. Хоёр омгийн тэмээний ноос бусад тэмээний ноосноос ноолуурлаг, өнгө сайтай тул бүтээгдэхүүн хийхэд дэлхийн брэнд болох боломжтой. Тэмээ нь хөмүүл таана, заг бударгана бутлаг ургамлаар голдуу хооллодог.