Говийн байгаль, түүхийн музей нь МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтран Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь Баянбор нуруунд археологийн малтлага судалгааны ажил хийж гүйцэтгэв.
Энэхүү судалгаа нь манай музейн түүхэнд тохиож буй анхны археологийн малтлага гэдгээрээ онцлог бөгөөд хээрийн шинжилгээний ангид МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, археологич, доктор, дэд профессор Т.Идэрхангай, Говийн байгаль, түүхийн музейн ЭША археологич Д.Цэнд нараар удирдуулсан судлаачдаас бүрдсэн судалгааны баг ажиллаа.
Бид энэ удаа Баянбор нурууны ард байрлах Эрээн адуу, Таван овоо зэрэг газруудад Хүннү болон Монголын эзэнт гүрний үед хамаарах булш оршуулгын дурсгалуудыг амжилттай малтан судаллаа.Малтлагын явцад судалсан дурсгалууд хэдийгээр тоногдсон ч хангалттай мэдээлэл өгөхүйц судалгааны хэрэглэгдэхүүнүүд илэрсэн нь музейн үзмэрийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр болж байна.