МОНГОЛ УЛСЫН УРАН ХАТГАМАЛЧ,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ
АВИРМЭДИЙН ЦЭРЭНХҮҮ АГСНЫ НАМТАР, УРАН БҮТЭЭЛ
Монгол Улсын уран хатгамалч А.Цэрэнхүү нь 1931 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо одоогийн Цогт-Овоо сумын нутаг Хана цохионы Хавцгайн богд гэдэг газар мэндэлсэн бөгөөд бага насандаа эцэг эхийн хамт мал маллаж өссөн. Монгол үндэсний хувцас дээл оёх урлалыг ээж Буянхүүгээр анх заалган сурчээ.
1953-1955 онд Улаанбаатар хотод Сувилагчийн курст суралцан, сувилагч мэргэжил эзэмшиж, 1964 он хүртэл эмнэлгийн салбарт ажиллаж байсан. 1955 онд А.Сэнгэцохиотой гэр бүл болж, 9 хүүхэд төрүүлж, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор шагнуулж байжээ.
1959 онд Улаанбаатар хотын Залуучууд оюутны анхдугаар их наадмын уралдаанд зүү ороосон тамхины уут, оймсны хараа оёж оролцон алтан медаль, нэгдүгээр зэргийн диплом авснаар уран бүтээлийн анхны гараа нь эхэлсэн байна.
1964 онд Урчуудын артель буюу гар үйлдвэрийн хатгамлын тасагт уран хатгамалчнаар ажиллаж бие даасан уран бүтээлч болсон.
А.Цэрэнхүү нь задгай хатгамал, зээгт наамал, бэлэг дурсгалын зүйл урлах тал бүрийн авьяастай, жанжин, тоорцог малгай, аяганы уут, цамын маск оёж, эх загваруудыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, бэлэг дурсгалын зүйлийг олшруулах ажлыг санаачилж байжээ.
Түүний уран бүтээлийн чухал хэсгийг задгай хатгамал, торгон зээгт наамал эзэлдэг бөгөөд "Ю.Цэдэнбал", "Жанжин Сүхбаатар", "Төрийн шагналт С.Удвал", "Маршал Чойбалсан", "Л.И.Брежнев", "Хөдөлмөрийн баатар Ё.Норовсүрэн", "И. Ганди" нарын хөрөг зургийг торгон утсаар задгай хатгамлаар урласан нь уран зураг гэлтэй, хөрөг хатгамлууддаа дүрийн өвөрмөц байдал, зан суртахуун, оюун санааг хурц илэрхийлэн урласан байдаг. Хөрөг зураг оёхдоо солбио оёосын аргыг хэрэглэн саа, хээ угалзаар чимэглэн өвөрмөц арга барилаар баяжуулдаг байсан нь хатгамлын урлагийн хөгжилд онцгой хувь нэмрийг оруулсан.
А.Цэрэнхүү агсны зээгт наамлын анхны бүтээл нь 1967 онд Монголын төлөөлөгчид их Ленинд бараалхав" 120х70 хэмжээтэй, 1970 онд Ленины 100 жилийн ойд зориулж "Их Ленинд өргөх дуу" нэртэй торгон зээгт наамлыг 200х140 хэмжээтэй урласнаар томоохон зээгт наамлын бүтээлүүдийг туурвиж эхэлсэн. 1973 онд Ю.Цэдэнбал дарга Энэтхэг улсад бэлэглэх зорилгоор захиалсны дагуу "И.Ганди"-н хөргийг торгон наамал, уран хатгамал хослуулан, их хэмжээний хээ угалзаар чимэглэн бүтээсэн нь наамлыг хатгамалтай хослуулан урлах арга технологийг санаачилсан анхны бүтээл байлаа.




















